-Бүсэлхий нуруу нь 5 нугалам яснууд /L1-L5/, тэдгээрийг хооронд нь холбож, даралт, доргилтоос хамгаалах нугалмайн жийргэвч /диск/, нугалмайн яс болон үе холбоосоор хамгаалагдсан нугас, эргэн тойрны булчин шөрмөсүүдээс тогтоно. Нугас нь булчингийн хөдөлгөөн мэдэрхүйн үйл ажиллагааг, хэвлий болон нурууны булчин, үе холбоосууд нь хөдөлгөөний ба үений тогтвортой байдлыг хангадаг юм. Өөрөөр хэлбэл, нугас, булчин, шөрмөсүүд харилцан шүтэлцээтэй байж та бидний уян налирхай байдлыг хангадаг.
-Нурууны өвчин гэж юу вэ?
Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүст нуруунд ачаалал ихэссэнээс болж үүсдэг. Нэг ёсондоо бүсэлхий нурууны үений хөдөлгөөн буурах, булчин шөрмөсний сунах чадвар багасч уян хатан байдлаа алдах буюу нурууны булчин, шөрмөсний чангарал, өвдөлт юм.
Үүнээс гадна нугалам яс, үенд үүсэх дегенераци өөрчлөлт, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий /дискийн ивэрхий/, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсгаж дарах, нугалам ясны ба нугасны хавдар гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэн нуруу өвддөг.
Нурууны өвдөлтийг үргэлжилсэн хугацаанаас нь хамааруулж:
-хурц /1 сараас дотогш өвдсөн/,
-хурцавтар /1-3сарын хооронд/,
-архаг /3 сараас дээш хугацаагаар өвдсөн/ гэж ангилдаг.
Дээрх зүйлсийн альнаас нь болж нуруу өвдөж байгааг хэрхэн мэдэх вэ?
Нурууны өвдөлтийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлж өвчнийг оношлоход өвчин анх эхэлснээс одоог хүртэлх өвчний түүхийг асууж судлах, эмчийн үзлэг болон багажийн шинжилгээнүүд болох рентген, комьпютерийн томографи /CT/, соронзон резонанст томографи /MRI/-ийн шинжилгээнд үндэслэж оношлогоог хийж эмчилгээний асуудлыг шийдвэрлэдэг.
Хэрэв нуруу өвдөх нь 1сараас дээш хугацаагаар үргэлжлэх, өвдөлт хөл рүү дамжих ба даамжрах хандлагатай бол нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр CT, MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Оношлогоо болон эмчилгээг зөв хийхгүйгээр дур мэдэж нурууны өвчнөө эмчлэх, буруу эмчилгээ хийх нь насан туршдаа гэмшээд барахгүй хохирол дагуулж мэднэ. Нурууны хурц, архаг өвдөлтийн аль ч үед эмийн эмчилгээ болон уламжлалт эмчилгээ, сэргээн засах физик эмчилгээнүүдийг заавал хийлгэх ёстой. Тухайлбал, уламжлалт эмчилгээнд массаж, бумба шивүүр, зүү төөнө, цахилгаан зүү эмчилгээ, сэргээн засах эмчилгээний халуун хүйтэн жин, нам давтамжит цахилгаан гүйдэл болон гэрлийн эмчилгээ, булчин шөрмөс үе мөчний өвдөлт үрэвсэл намдаах наалт зэргийн эмчилгээг үр дүнтэй хийлгэхээс гадна дэглэм эмчилгээг өөрөө сайн сахиж биелүүлэх шаардлагатай байдаг. Мөн удаан хугацаагаар үргэлжлүүлэн суухгүй байх, явган алхах, амрах нь тохиромжтой. Мэдээж нуруунд тохирсон сунгалтын болон хөдөлгөөний дасгал хийх нь хамгийн оновчтой арга. Хатуу орон дээр унтах, гэрийн нөхцөлд халуун, хүйтэн жингээ үргэлжлүүлэн хийх нь эмчилгээний үр дүнд шууд нөлөө үзүүлдэг.
0 comments:
Post a Comment